amaahai
Dateline: 2011-05-31
НЭГЭН ТАГНУУЛЧИЙН ТҮҮХ-2 үргэлжлэл

1957 оны хавар Кремлийн хувьд хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байлаа. Польш дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, Унгар дахь ард түмний бослого зэрэг коммунист системд аюул занал учруулахуйц олон олон үйл явдал давхцаж байсны зэрэгцээ Украины нацист хөдөлгөөнийхөн ЗХУ-ын хамгийн гол шүдний өвчин болж хувирчхаад байв. Хэдийгээр Украины нацист хөдөлгөөнийхөн Австри, Польш, Герман, Оросын дээрмийн шинж чанар бүхий зэвсэгт бүлэглэлүүдтэй удаа дараалан тулалдаж, хүч нь сульдсан байсан боловч Мюнхен дэх нууц удирдлагын штабынхаа тусламжтайгаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байлаа.

Ребет, Бандера нарыг олж устгах нь Украины нацист хөдөлгөөнийхөнтэй хийх тэмцэлд нэн тэргүүний асуудал болсны зэрэгцээ энэхүү ажиллагааны хариуцлагыг Кремль өөр дээрээ авахгүйн тулд бололцоотйо бүхий л арга хэмжээг авсан юм.

Эхлээд зөвлөлтийн эсрэг үзэлтэн, украины зохиолч Ребетийг илрүүлэх ажиллагаа явагдаж, түүнийг Мюнхен дэх цагаачлалын албанд ажиллаж байгааг нь тун хялбархан тогтоов.

Харин Степан Бандерагийн байршлыг илрүүлэхийн тулд 5 жилийн хугацааг зарцуулсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Тэрээр украины нацистууд дунд Ребетээс илүү нэр хүндтэй, бараг л амьд шүтээн нь байсан тул түүнийг илрүүлэх ажиллагаанд Зөвлөлтийн тагнуулын алба онцгой ач холбогдол өгч байлаа. Бандера өөрийн өвөрмөц арга барилаар нууц байгууллагыг оновчтой, зөв удирдан зохион байгуулдаг байсны зэрэгцээ дайны дараа эвдрэн сүйдэж, эмх замбараагүй болчихсон байсан Мюнхенд өөрийн хөдөлгөөнийхнийг орогнуулах нууц байр-бункерыг бий болгож, тэнд орогнож байгаа хүмүүсийг байнгын хяналт, сорилтонд оруулж, сэжиг илэрсэн тохиолдолд нэн даруй устгадаг байсан тул Бандераг олж илрүүлэхэд нэн хүндрэлтэй байсан гэдэг. Степан Бандерагийн талаар мэдээлэл туйлын хомс байсан ба "Опель" маркийн автомашин унадаг, зарим бүтэн сайн өдрөөр украины дүрвэгсдийн сүмд очдог, Поппель хэмээх нууц нэрийг ашигладаг гэсэн мэдээлэл авагдсан байв.

Ребетийг илрүүлэх ажиллагаанд Сташинскийн баримт бичгийг Эссений оршин суугч Зигфрид Дрегер хэмээх бодит хүний нэрээр бэлтгэн ажиллуулсан бол Бандераг устгах ажиллагаанд Сташинский Дортмундад оршин суугч Ханс-Иоахим Будайт хэмээх халхавч нэрээр оролцсон юм. 

Ийнхүү Дрегер хэмээх нууц нэрээрээ Сташинский Мюнхенд ирж, Ребетийн ажиллаж байсан цагаачлалын албаны ойролцоо байх нэгэн дэн буудлын газарт буув. Ребетийн явдаг маршрутыг нарийвчлан, алдаа мадаггүй тогтоохын тулд нэлээн олон хоногийн туршид сэм дагасан бөгөөд нэгэн удаа түүнийг мөрдөж байх явцад трамвай дотор хүмүүс чихэлдэн, Сташинскийг мөрдлөгийн объектод хэтэрхий ойртуулсан нь түүний гадаад төрхийг Ребетийн санамжинд хоногшуулж, хожим нууцаар дагах ажиллагаанд аюул учруулж болзошгүй байсан тул мөрдлөгийг гүйцэд явуулалгүйгээр трамвайнаас буухад хүргэсэн байна. Ийнхүү ажиглалтыг нарийвчлан хийсний үр дүнд Ребетийг түүний ажлын байранд устгах нь хамгийн аюулгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч, улмаар объектыг устгахад бэлэн болсноо удирдлагадаа мэдэгдэв.

Удалгүй Москвагаас тусгай мэргэжилтэн ирж, түүнд аллага үйлдэх маш нууц, тусгай зэвсгийг нь хүлээлгэн өглөө. Энэхүү зэвсэг нь 2 см диаметртэй, 15 см урттай, 200 орчим грамм жинтэй, хөнгөн цагаан бүтэцтэй, цилиндр хэлбэртэй бөгөөд хуванцар ампуланд хийсэн өнгө, үнэргүй шингэн хороор цэнэглэгдсэн байлаа. Гохыг дарах үед шингэн нь тариураар шахаж буй мэт нарийн, хүчтэйгээр гадагшлах бөгөөд зэвсгийг дахин цэнэглэх, ашиглах боломжгүй тул хэрэглэсний дараа нэн даруй нуух, устгах ёстой байв.

Объектыг үхэлд хүргэх магадлалыг найдвартай болгохын тулд дэгдэмхий шинж чанартай шингэн хорыг аль болох нүүр рүү нь цацах, боломжгүй бол бүсэлхийнээс дээш цацах, 40 см-ээс ойр зайд буудахыг зэвсгийн мэргэжилтэн зөвлөсөн байна. Энэхүү хор нь амьсгалаар дамжин хүний цусанд нэвчиж, артерийн судсаар дамжин тархины цусан хангамжийг хормын дотор зогсоож, 90 секундын дотор үхэлд хүргэх бөгөөд тун удалгүй цогцосноос ямар ч ул мөргүй алга болох тул задлан шинжилгээгээр ямар нэгэн хордуулсан гэх шинж тэмдэг илрэхгүй хэмээн Москвагаас ирсэн мэргэжилтэн хэлсэн бөгөөд чухам ямар нэртэй, ямар төрлийн хор болохыг Сташинскийд хэлсэнгүй. Түүнчлэн дээрх хордуулагч агуулсан зэвсгийг сонингийн цаасанд ороон объектыг шатаар өгсөх үед нь буудвал нүүр рүү нь чиглүүлэхэд хялбар болох ба шатаар доош зугтахад дөхөмтэй хэмээн зөвлөж, хэрэв хорны өчүүхэн хэсгийг ч болов амьсгалсан тохиолдолд нэн даруй хэрэглээрэй хэмээн ерөндгийг нь өгчээ.

Маргааш нь Сташинский москвагаас ирсэн зэвсгийн мэргэжилтний хамт ойд очин, золбин нохойг модноос хүлээд 40 см-ийн зайнаас хоншоор руу нь чиглүүлэн гохыг дарахад мөнөөх нохой тэр даруйд үхсэн бөгөөд 3 минутын туршид таталт өгч байв.

10-р сарын нэгэн өглөө Сташинский удирдлагаас өгсөн үүргийн дагуу Ребетийг устгах ажиллагаандаа оров. Лев Ребет тогтсон маршрутынхаа дагуу трамвайнаас буух үед нь Сташинский түүнээс урьтаж ажлынх нь байр руу орон урьдчилан төлөвлөсний дагуу 2-р давхрын тагт дээр хүлээж байгаад Ребетийг орж ирэх үед нь өөдөөс нь угтан шатаар уруудаж, 2 гишгүүрийн зайд ирэх үед нь хортой шингэн бүхий цилиндрийг нүүр рүү нь чиглүүлэн гохыг дарчхаад эргэж ч харалгүй алхаагаа түргэсгэн гарч, голын ус руу зэвсгээ шидчихээд мөрөө буруулан хэсэг алхсаны эцэст өөрийн орогнож байсан дэн буудалдаа орж, хэргийн газрыг цонхоор ажиглав.

Ребетийн ажлын гадаа түргэн тусламж, цагдаагийн машинууд ирчихсэн, цогцсыг дамнуургаар авч гарч байсан бөгөөд нүүрийг нь даавуугаар бүтээсэн байгааг хараад Сташинский ажиллагаа 100 хувь амжилттай болсныг ойлгож, Франкфурт руу галт тэргээр, тэндээсээ Берлин рүү онгоцоор очжээ. КГБ-ийн нууц штаб байрладаг Карлсхорстод очиход нь түүнд Ребетийг "зүрхний шигдээс" өвчнөөр нас барсан хэмээн сонин хэвлэлүүдэд бичсэн байсныг мэдэгджээ.

Дээрх аллагаас 7 хоногийн дараа Карлсхорстод Октябрийн баярын цайллага болох үеэр өөрийгөө нууц албаны генерал хэмээн танилцуулж, нэр усаа хэлэхээс татгалзсан нэгэн хүн удирдлагын зүгээс тусгайлан баяр хүргэснийг дамжуулж, "Контакс" нэртэй гэрэл зургийн аппаратаар шагнав.

Сташинский өөрийн дараагийн даалгавар буюу Степан Бандераг илрүүлэн устгах ажилдаа идэвхийлэн орлоо...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-06-02 -

Бичсэн: dao

aa tiim naiziin urilga yvuulla

. Шууд холбоос

2011-06-02 -

Бичсэн: dao

urgeljleliig huleejiine ярзайтал инээх ярзайтал инээх

. Шууд холбоос





:-)
 
xaax