Glock 17 | |
---|---|
3-дахь удаагийн сайжруулсан загвар Glock 17 | |
Төрөл: | өөрөө цэнэглэгддэг гар буу |
Үйлдвэрлэгч улс: | Австри |
Ашиглагдаж буй хугацаа | 1982 оноос өнөөг хүртэл |
Зэвсэглэлд албан ёсоор ашиглаж буй улсууд: | Австри, Герман, Швед улсын бүхий л төрлийн зэвсэгт хүчнүүд, Норвеги, Голланд, Тасмани, Умард Ирландын цагдаагийн байгууллага, АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн газар, ОХУ-ын Дотоод явдлын яамны ажилтнууд |
Зохион бүтээгч | Гастон Глок ( Gaston Glock) |
Зохион бүтээгдсэн | 1982 он |
Үйлдвэрлэгч: | Глок компани |
Жин, кг: | 0,625 (сумгүй үед) 0,905 (сумласан үед) |
Урт, мм: | 186 |
Гол төмрийн урт, мм: | 114 |
Өргөн, мм: | 33 |
Өндөр, мм: | 138 |
Сумны төрөл | 9Ч19 мм Парабеллум (+Р,+Р+) |
Калибр, мм: | 9 |
Сумны анхны хурд | 350—360 м/сек |
Хамгийн холын тусгал | 50 метр |
Дайзны төрөл | 17 сумны багтаамжтай энгийн, 33 сумны багтаамжтай тусгай |
Glock 17 (Глок 17) — бол Австрийн армийн хэрэгцээнд зориулан Глок компанид үйлдвэрлэсэн тус компанийн хамгийн анхны галт зэвсэг юм. Уг бууг хэрэглэхэд хялбар байсан тул Австрийн армийн зэвсэглэлд Р80 хэмээх нэвтэрч, улмаар Холливуудын киноны гол дүрийн баатруудын ач буянаар дэлхий нийтэд танил болжээ.
Глок 17-ийн гол давуу тал бол гал хамгаалагчгүй, оньс цохигчгүй хийгдсэний дээр ихэнх деталиуд нь 200 хүртэл градуст тэсвэртэй өндөр чанарын хуванцраар хийгдсэн учир хөнгөн, авсаархан болсон байна. Гал хамгаалагчгүй учир түргэн хугацаанд буудлага үйлдэхэд хялбар болсон бөгөөд гохыг гүйцэд дарахаас нааш буудлага үйлдэгддэггүй учир санамсаргүй байдлаар буу алдахаас урьдчилан сэргийлсэн гэж үздэг. Глок 17 нь 33 деталиас бүрдэх бөгөөд секундын дотор л хагас задаргаа хийгддэг.
Дэлхийн 2-р дайны дараачаас Австрийн армийн зэвсэглэлд хэт хуучирсан, дайны өмнөх үеийн Кольт М1911А1, Вальтер Р38 гэх 2 үндсэн гар бууг 1980-аад он хүртэл хэрэглэж байв. Зэвсэглэлд шинэчлэлт хийхийн тулд 1980 онд шинэ төрлийн гар бууны загвар зохион бүтээх уралдаан зарласан байна.
Дараахь болзлыг хангасан байхыг шаардаж байлаа:
- 9Ч19 мм Парбеллум төрлийн сум таардаг байх
- Хамгийн багадаа 8 сумны багтаамж бүхий дайзтай байх
- Баруун, зүүн аль ч гараар ашиглаж болдог байх
- Байлдаанд бэлэн болох хугацаа аль болох хамгийн бага байх, өөрөө хэлбэл гал хамгаалагчийн асуудлыг шийдэх
- Задалж, угсрахад хялбар, 58 деталиас илүүгүй байх
- Бүх деталиуд ижил төрлийн буунуудтайгаа таардаг байх
- туршилтын 10000 удаагийн буудлагын явцад 20-иос илүүгүй удаа гацалт өгөх
- Цаг агаарын хэт хүйтэн нөхцөл болон бусад хүчин зүйлийн үйлчлэлд тэсвэртэй байх
- 2 метрийн өндрөөс хатуу гадаргуу дээр унагаахад хий буудахгүй байх гэсэн заавал биелүүлэх шаардлагуудыг тавьжээ.
Энэхүү уралдаанд олон тооны нэртэй зэвсэг үйлдвэрлэгч компаниуд оролцож байсны дотор 1963 онд Дойч-Ваграм хэмээх жижигхэн хотод үүсгэн байгуулагдсан, тухайн үедээ Австрийн армийн хэрэгцээнд сапёрын хүрз, эвхдэг хутга, бүс, тэлээ зэрэг жижиг хэрэглэл үйлдвэрлэн нийлүүлдэг байсан төдийлөн олны танил бус Глок компани өрсөлдөж байлаа. Үүнээс өмнө буюу 1970-аад оны дунд үед Гастон Глок маш энгийн, найдвартай ажиллагаатай гар буу зохион бүтээхийг өөрийн инженерүүдэд даалгасан байжээ.
Глок 17-г үйлдвэрлэхдээ бүтцэд нь хуванцар материалыг ихээр оруулсан нь шинэлэг зүйл болсон бөгөөд олон удаагийн туршилтыг давж чадсаны үр дүнд 1982 онд Австрийн армийн зэвсэглэлд Р80 нэртэйгээр орж, эхний ээлжинд 25000 ширхэг үйлдвэрлэгдсэнээр Глок хэмээх жижигхэн компанийг дэлхийд алдартай том зэвсгийн үйлдвэр болоход нь тусалсан гэдэг.
Уг буу нь ердөө 33 ширхэг деталиас бүрдэх бөгөөд ямар нэгэн тусгай зориулалтын багаж хэрэглэхгүйгээр бүтэн задардгаараа зэвсэг хэрэглэгчдийн дунд энгийн бүтэц, найдвартай ажиллагаатай хэмээн нэрд гарсан.
Уг бууны гохон дээр дарах үед нэлээн их хүч ордог, ойролцоогоор 2-4 кг-ын хүчээр дарж байж буудлага үйлдэх боломжтой. Энэ нь бусад төрлийн автомат гар буунуудаас ялгаатай. Өөрөөр хэлбэл санамсаргүй гох дарагдаж, санамсаргүй буу алдахаас урьдчилан сэргийлдгээрээ ач холбогдолтой юм. Буудлага үйлдсэний дараа автоматаар гал хамгаалагчийн байрлалд шилжих бөгөөд дахин гох дарах үед мөн автоматаар гал хамгаалагч идэвхгүй болдог бөгөөд буу эзэмших мэдлэг маруухан хүн ч хялбар харьцаж болдгоороо давуу талтай.
1988 оноос хойшхи загваруудад лазер гэрлэн чиглүүлэгч, мөн гэрэл суурилуулах тусгай төхөөрөмж хийж өгсөн.
Глок 17 нь тун энгийн бөгөөд найдвартай ажиллагаа бүхий бүтэцтэйгээрээ олон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан зэвсэг юм. Дайзыг нь оролцуулаад ердөө 33-хан деталиас бүрдэх бөгөөд тусгай багаж, түлхүүр ашиглах шаардлагагүйгээр бүрэн задаргаа хийж, техник үйлчилгээ хийх боломжтой байдгаараа давуу талтай.
Үндсэндээ 17 сумны багтаамж бүхий дайзтай боловч 19 болон 33 сумны багтаамжтай тусгай зориулалтын дайзнууд бас байдаг.
Нэлээн олон деталиуд нь өндөр чанарын хуванцар материалаар хийгдсэн тул жин нь үлэмж хөнгөн болсон бөгөөд ойролцоогоор 300-350 мянган удаа буудлага үйлдэхэд механик эвдрэл гардаггүй учир бусад гар буунуудаас илүү чанартай болсон байна.
Glock 17 Бууны дараахь төрлийн сайжруулсан загварууд байдаг. Үүнд:
- Glock 17L — 1988 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, гол төмрийг нь уртасгаснаар тусгал нь илүү ончтой болсон
- Glock 17C — гол төмөрт нь бянтыг нь сайжруулсан
- Glock 17R — улаан өнгийн хуванцар гадаргуутай шинэ загвар
- Glock 17T — цэнхэр өнгийн гадаргуутай загвар.
- Glock 18 — урт ээлжээр галлахад зориулагдсан загвар
- Glock 19 — гол төмрийг нь 102 мм хүртэл богиносгосон, 1990 оноос хойшхи загвар
- Glock 21 — 45 АСР маркийн сум хэрэглэдэг, 13 сумны багтаамжтай дайзтай
- Glock 22 — 1990 оноос эхлэн үйлдвэрлэгдсэн, 1997 оноос АНУ-ын холбооны мөрдөх товчооны зэвсэглэлд нэвтэрсэн, жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудын хувийн зэвсэг.
- Glock 23 — Glock 22-ын богиносгосон загвар.
- Glock 24 — Glock 22-ын гол төмрийг нь уртасгаж, тусгалын ончийг нэмэгдүүлсэн загвар.
- Glock 25 — 1995 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, хүчин чадал багатай, ард иргэдийн биеэ хамгаалах зориулалагдсан загвар.
- Glock 26 — Glock 17-ийн уртасгасан загвар. Гол төмрийн урт нь 160 мм, 10 сумны дайзтай.
- Glock 27, Glock 28, Glock 29, Glock 30 — Glock 26-ийн сайжруулсан загвар.
Уг бууны давуу талууд нь дэлхий нийтээр алдаршиж, улмаар дэлхийн 30 гаруй орны, тухайлбал Австри, Швед, Норвеги зэрэг улсуудын зэвсэглэлд багтдагаас гадна НАТО-ийн удирдлагууд бие бүрэлдэхүүний хувийн зэвсгийн нэгэнд албан ёсоор хүлээн зөвшөөрч, хэрэглэдэг. Түүнчлэн уг бууны сайжруулсан загварууд нь АНУ, Канад, Мексик, Энэтхэг, Филиппин, Саудын араб зэрэг улсуудын тусгай албаны бие бүрэлдэхүүнд ашиглагддаг.
Глок 17 нь үндсэндээ бие хамгаалах зориулалттай бөгөөд тун чадамгай, мэргэжлийн хүн л 50 метр зайд байгаа байг устгах боломжтой. Харин 20-25 метрийн зайд буудлага үйлдэхэд хамгийн тохиромжтой тул муу бууддаг хүн ч энэ зайд байгаа байг хялбархан устгаж чадахуйцаар зохион бүтээгдсэн зэвсэг юм.
9 мм-ийн сум нь оносон тохиолдолд байг жагсаалаас гаргадаг боловч үхлийн шарх учруулах нь бага байдаг тул хүчний байгууллагын ажилтнууд гэмт этгээдийн үйлдлийг амь насыг нь хохироохгүйгээр таслан зогсоох зорилгоор ашиглахад нэн тохиромжтой ба дайсан этгээд сумнаас хамгаалах хантаазтай байсан ч гэсэн биед нь битүү гэмтэл учруулж, тэнцвэр алдуулах хэмжээний хүчтэй байдгаараа онцлогтой.
Glock 17-ийн бүтцэд хуванцар материалаар хийгдсэн эд ангиуд харьцангуй их байдаг учраас байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд, тухайлбал ус чийгтэй, халуун, хүйтэн, хэт хуурай зэрэг нөхцөл байдалд найдвартай ажилладгаараа давуу талтай учир дэлхий дахинд АК-47 буутай эн зэрэгцэхүйц алдартай болжээ.
Гэвч хүний бүтээсэн зүйл ямагт давуу болон сул, алдаатай талуудтай байдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Эхлээд давуу талуудыг нь дурьдъя. Үүнд:
1. Олон тооны эд ангиудыг хуванцраар хийсний үр дүнд зэврэлтээс найдвартай хамгаалагдсан.
2. Тусгалын онч эрс нэмэгдсэн
4. Ашиглалтын хугацаа нэмэгдсэн. Глок 17 нь 300-350 мянган удаа буудлага үйлдэх үндсэн үзүүлэлттэй бол бусад гар буунууд дунджаар 40-50 мянган удаа буудлага үйлдэхээр хийгдсэн байдаг.
5. Ямар нэгэн гал хамгаалагч мултлах шаардлагагүйгээр үргэлж буудлага үйлдэхэд бэлэн байдаг. Энэ нь яаруу, тулгамдсан үед цаг алдалгүйгээр буудлага үйлдэн, дайсан этгээдийг аюулгүй болгож, өөрийн болон өрөөл бусдын амь бие, эрүүл мэндийг хамгаалах боломжтой болгосноороо маш их давуу байдлыг үүсгэдэг.
6. Хэт их чийгшилтэй нөхцөлд найдвартай ажилладаг. Усан дотор буудах чадвартай.
7. Тусгай багаж хэрэглэхгүйгээр задлахад хялбар бүтэцтэй.
8. Олон тооны сумны багтаамжтай дайз хэрэглэх бололцоотой.
Харин одоо дутагдалтай талууд:
1. Хэтэрхий удаан хугацаагаар цэвэрлэгээ үйлчилгээ хийлгүйгээр биедээ авч явснаас бага хэмжээний хог шороо буун дотор орж, замгийг гацаах магадлалтай.
2. Хэт хүйтэн буюу -40 градусаас доош температуртай орчинд механик үйлчлэлийн улмаас эд ангиуд хугарах, цуурах зэргээр гэмтэх магадлал өндөр. Мөн хэт халуун буюу +200 градусаас дээш температуртай орчинд эд ангиудын хатуулаг чанар нь алдагдаж, уярах магадлалтай учир Глок17-г -40-өөс +200 градус бүхий орчинд хэрэглэх нь хамгийн ашигтай.
Glock 17-д тусгай пүрш суурилуулан усан дотор буудах боломжтой. Өөрөөр хэлбэл усан дотор агаарын даралт өндөр байдаг бөгөөд үүний улмаас автомат ажиллагаатай буу нь дахин цэнэглэгддэггүйн улмаас гацалт өгдөг ба сайжруулсан пүрш нь усан дотор буудлага үйлдсэний дараа замгийг буцаан татаж, байлдааны бэлэн байдалд оруулах үүрэгтэй байдаг. Түүнчлэн усны нягтрал өндөр учраас сум нь 2 метрээс хол зайд тусдаггүй.
Эд ангиудыг нь хуванцраар хийдэг тул металл хайгчаар илрүүлэх боломжгүй гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдгаас ГЛОК17-г хориотой газар нууж авч орох, террорист этгээдүүд биедээ авч явах зэрэг олон удаагийн үйлдэл илэрч, таслан зогсоогдож байсан тоо баримтууд бий. Хэдийгээр эд ангиудын ихэнхийг хуванцраар хийдэг боловч нийт жингийн ихэнх хувь буюу 400 граммын металлын орцтой байдаг учраас ямар ч тохиолдолд металл хайгчид илэрдэг гэдгийг уг бууг зохион бүтээгч Гастон Глок өөрийн биеэр металл илрүүлэгчийн тусламжтайгаар нотолж байжээ.
Австрийн армийн зэвсгийн мэргэжилтнүүд уг бууг 2 метрийн өндрөөс хатуу, тэгш гадаргуу бүхий цул төмөр хавтан руу шидэхэд эд ангиуд нь огтхон ч гэмтээгүй учир зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн шаардлагад нийцэхүйц бат бөх шинж чанартай гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.
Glock 17 нь ямар ч нөхцөл байдалд, тухайлбал усан дотор, хэт чийгшилтэй нөхцөл байдал, тос, шавар, элсээр бохирлогдсоны дараа буудлага үйлдэх чадвартай байдлаараа Гиннесийн номонд бичигдсэн байдаг.
Алдарт жүжигчин Брюс Уиллис "Хатуу самар 2" кинон дээр нэгэн террористыг устгасныхаа дараагаар "Энэ муу новшид чиний бүтэн сарын цалингаас ч өндөр үнэтэй, металл хайгчид илэрдэггүй, германы Глок хэмээх шаазан буу байсан байна" гэж хэлдэг. Киноны гол дүрийн энэ үгэнд 4 алдаа байдаг. 1-т: Глок хэмээх буу германых бус австрийнх. 2-т: уг бууны бүтцэд нэг ч шаазан эд анги байхгүй. 3-т: Металл хайгчид илэрдэг. 4-т: Глок буу нь хямд үнэтэйд тооцогддог.
Глок17 болон түүний сайжруулсан загваруудыг компьютер тоглоомуудаас харж болно. Тухайлбал:
- Call of Duty: Modern Warfare 2
- GTA IV
- Jagged Alliance 2
- Project I.G.I.: I'm Going In
- Silent Hill
- 7.62
- Counter-Strike
- Half-Life