Өөрийн удирдлагуудын дунд нэр хүнд нь өсч байгаа завшааныг ашиглан Сташинский Инге Поль хэмээх герман бүсгүйтэй гэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэхэд дарга нар нь эрс эсэргүүцэв. Герман эмэгтэйтэй Зөвлөлтийн иргэн гэрлэнэ гэдэг бол зүгээр л огт боломжгүй зүйл гэж үзсэн байна.
Сташинскийгийн урам маш ихээр хугарч, өөрийг нь хүн гэж огтхон ч үзэлгүй зэвсэг мэтээр ашиглаж байгааг ухаарч эхэлсэн байна. Ингээд тэрээр КГБ-ийн дарга Александр Шелепинд өөрийн гэрлэх төлөвлөгөөгөө хэлж, удаа дараа хүсэлт тавьсны эцэст зүүн Берлинд очин Инге Полийг Москвад авчрах эрх олгожээ. 1959 оны өвөл Сташинский Ингед өөрийгөө зөвлөлтийн тагнуулч, Иозеф Леман гэдэг нэр бол халхавч нэр юм гэдгийг хэлэхэд Инге гэрлэчхээд Баруун руу зугтахыг санал болгов. Харин Сташинский эрс татгалзаж, бүх зүйл сайхан болно гэж ятгажээ.
Харин энэ хугацаанд Зөвлөлтийн тусгай албаныхан Сташинский, Инге нарыг Москвад амьдрахыг удаа дараалан ятгаж, олон төрлийн арга хэмжээнүүдийг авч байсан боловч Инге Берлинд амьдарна хэмээн зүтгэсээр байлаа. Ингээд КГБ-д нэг бол Сташинскийг Ингетэй хамт Берлин рүү буцаах, эсвэл тэднийг устгах гэсэн хоёрхон сонголт л үлдэв. Гэтэл Сташинский нь төр засгийн төлөө маш том гавьяа байгуулсан, тухайн үедээ хамгийн үнэ цэнэтэй тагнуулчид тооцогдож байсан тул зүгээр л устгачхад дэндүү хайран байлаа.
3-р сарын 23-нд Сташинский Иозеф Леман хэмээх нэрээр Инге Польтой зүүн Берлинд гэрлэлтээ батлуулж, 5-р сард нь Москвад эргэн ирж, КГБ-ийн мэдлийн нэг өрөө байранд амьдарч эхлэв. Энэхүү гэрлэлтийн улмаас Сташинскийг Англи, Америк руу явуулах төлөвлөгөө цуцлагдаж, баруун германы хэл, соёл, зан заншлыг идэвхийлэн судлуулж эхэлжээ.
Түүнчлэн Ингег элсүүлэн авах гэсэн КГБ-ийн бүхий л оролдлого бүтэлгүйтэж байсны зэрэгцээ Сташинскийг КГБ-с халагдаж, Баруун руу зугтахыг идэвхийлэн ятгах болсон нь туйлын аюултай нөхцөл байдлыг бий болгож байлаа. Учир нь тэдний амьдарч буй байр нь сонсох төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдгийг Сташинскийн мэдэж байсан тул Ингегийн дээрх үйлдэл нь КГБ-ийн сонорт цаг алдалгүй хүрч байгаа нь тэр хоёрын хэн хэнийх нь амь насанд шууд аюул заналхийлэл болон хувирч байв. Тун удалгүй Богдан Сташинскийн бэлтгэл сургуулилт бүрмөсөн зогсож, түүнийг шинэ үүрэг даалгавар өгтөл түр амарч байхыг тушаажээ.
1960 оны 9-р сард Инге бие давхар болсныг КГБ-ийн удирдлага мэдээд үр хөндөлт хийлгэхийг санал болгосон нь Сташинский, Инге нарын эгдүүцлийг маш ихээр төрүүлсэн бөгөөд Баруун руу зугтах Ингегийн ятгалгыг зөвшөөрөх үндсэн шалтгаан болжээ. 1960 оны 12-р сарын 3-ны өдөр Сташинскийг КГБ-ийн удирдлага дуудан ирүүлж, түүнийг 7 жилийн хугацаанд ЗХУ-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон тухай мэдэгджээ. Гэхдээ Инге Полийг зүүн Берлин рүү хүссэн үедээ явж болохыг зөвшөөрсөн байна. Энэ дэлхий дээрх хамгийн аюултай ажил юу вэ гэвэл КГБ-ээс халагдсан тагнуулчийг л хэлэх байх.
Сташинский туйлын сонор сэрэмжтэй байж, амьд үлдэхийн тулд хоол хүнс, сууж буй автобус, явж буй газраа нарийн шалгаж, шинжилж байлаа. Үүний зэрэгцээ эхнэрийнхээ хамтаар Баруун руу зугтах төлөвлөгөөгөө боловсруулж эхлэв. Юуны түрүүнд Инге зүүн Берлинд очиж хүүхдээ төрүүлснээр зүүн Германы иргэншилтэй болох шаардлагатай байв. Түүнчлэн хоорондоо хэрэглэх нууц үгсийг тохиролцжээ. Тухайлбал: "Оёдолчныд оччихоод ирлээ" гэсэн үгтэй захидал ирвэл Инге Баруун Берлин дэх АНУ-ын тагнуулын албатай холбогдож, тусламж авахаар тохиролцсон гэж ойлгох ёстой байлаа. 1961 оны 1-р сард Инге Зүүн Берлин рүү буцаж, харин КГБ-ийн зүгээс Сташинскийд хандах хандлага зөөлрөх болсон нь сэжиг төрүүлж эхлэв.
1961 оны 8-р сарын эхээр Сташинскийн шинэ төрсөн хүүхэд нь цаг бусаар нас барсан тул зүүн Берлин рүү явах хүсэлтээ КГБ-ийн удирдлагад уламжилсан боловч удаа дараалан татгалзсаны эцэст Сташинскийн шургуу оролдлогын үр дүнд зөвшөөрч, түүнийг цэргийн ачаа зөөврийн онгоцоор Берлинд хүргэв. Тэнд очсоныхоо дараа Сташинский эхнэрийнхээ хамтаар зөвхөн КГБ-ийн мэдлийн байранд амьдарч, өдөр бүр удирдлагадаа цагаа бүртгүүлж байх нөхцөлтэй байлаа.
КГБ-ийн удирдлага хүүхдийг оршуулах ёслол дуусангуут өөрийг нь Москва руу авч явна гэдгийг Сташинский мэдэж байсан тул оршуулах ёслолоос өмнө нэн яаралтай зугтах шаардлагатай байлаа. Тэрээр өөрийг нь өдөр шөнөгүй дагах машинтай болон явган мөрдөгчдөөс хэрхэн салах талаар олон янзын төлөвлөгөөг толгой дотроо зохиож байв.
8-р сарын 12-нд Сташинскийг эхнэрийнх нь хамтаар маргааш болох оршуулгын ёслолд бэлтгүүлэхээр Дальговт байдаг хадмынд нь хүргэн өгөв. 16 цагт Инге, Сташинский нар байшингийн нууц хаалгаар сэм гарч, өндөр ургасан эрдэнэшишийн тариалангийн дундуур бусдад мэдэгдэхгүй явсаар 5 километрийн зайд байх Фалькензе хотод 18 цагийн үед хүрчээ. Тэндээсээ таксигаар Зүүн Берлинд хүрч, тэндээсээ Баруун Берилин орох галт тэргэнд суужээ. Хил дээр цагдаа, гаалийн шалгалт явагдаж байсан боловч азаар тэдний сууж явсан вагонд хүрэхээс нь өмнө галт тэрэгний хөдлөх цаг болсон тул зүүн германы цагдаа, гаалийнхан шалгалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон ба оройн 20 цаг гэхэд Сташинский, Инге нар Баруун Берлинд хүрч, улмаар хамгийн түрүүнд тааралдсан цагдаагийн хэсгийн байр руу явж орсноор Богдан Сташинский хийгээд КГБ-ийн үйл ажиллагааны талаарх энэхүү түүх олон нийтэд ил болсон билээ. Мөн тэр шөнө нь Берлин хотыг Баруун болон Зүүн хэсэгт хуваасан, хожмоо дэлхий дахинд "Берлиний хана" хэмээн алдаршсан бетонон тусгаарлах хашаа баригдсан билээ.