amaahai
Dateline: 2011-04-18
ХӨЛСНИИ АЛУУРЧИН

Александр Солоник
Александр Сергеевич Солоник
Портрет
1990-ээд оны эхэн үед Оросын цагдаагийн хэсэг болгоны үүдэнд энэхүү зураг хадаатай байдаг байв.
Үйл ажиллагааны чиглэл:

Мэргэжлийн хөлсний алуурчин

Төрсөн он, сар, өдөр:

(1960 оны 10-р сарын16-ны өдөр)

Төрсөн газар:

ЗСБНХУ-ын Курган хот

Нас барсан он:

(1997 оны 01-р сарын 31-ний өдөр) (36 насандаа)

Нас барсан газар:

Грек улс

     «Курга́ны терминатор», «Саша Македо́нский» хэмээх хочтой Алекса́ндр Сергеевич Соло́ник хэмээх энэхүү үл бүтэх этгээд нь 1990-ээд оны эрүүгийн элементүүдийн шүтээн, оросын түүхэн дэх номер 1 мэргэжлийн хөлсний алуурчин байсан бөгөөд тухайн үеийн оросын нийгэмд чухал байр суурийг эзэлж байсан олон тооны улс төрч, бизнесмэн, гэмт бүлэглэлийн толгойлогчдын амь насанд халдсан хэргүүдийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон байна. /Гэхдээ оросын түүхэн дэх номер нэг алуурчин гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт юм. Энэ улсын түүхэнд нэр нь ил болоогүй маш олон мэргэжлийн алуурчид, тухайлбал мэргэжлийн тагнуулч Богдан Сташинский зэргийг дурьдахад илүүдэхгүй биз ээ. Амаахай/

Александр Солоник Курган хотод 1960 онд төрж, Зөвлөлтийн армийн танкийн ангид хугацаат цэргийн алба хааж, цэрэгт байх хугацаандаа буудлагын спорт, сонгомол бөхийн төрлөөр хичээллэж байсан ба цэргээс халагдсаныхаа дараа Горький хотын цагдан сэргийлэхийн дээд сургуульд элсэн орсон боловч хагас жил суралцаад сургуулиа хаяж, оршуулгын газар туслах ажилтнаар ажиллаж байхдаа курганы гэмт бүлэглэлийн гишүүд болох Колигов, Нелюбин, Игнатов, Зеленин нартай танилцжээ. /Нэг тэрэгний дугуйнууд ижлээ олохдоо амархан байдаг гэж үнэн шүү/

1987 онд Солоник хүчингийн хэрэг үйлдэн шалгагдаж 8 жилийн хорих ял сонсонгуутаа шүүхийн харгалзагчийг шүүх танхим дотор цохиж унагаан оргосон боловч хэдэн сарын дараа Тюмень хотын эрэн сурвалжлах албаныхан түүнийг баривчилж, байх ёстой газар нь далд хийж авчээ. 1990 онд тэрээр шоронгийн агааржуулах системээр дамжин оргож, мөн оны 7-р сарын 3-ны өдөр Тюмень хотноо Ишим хотын гэмт бүлэглэлийн тэргүүнийг буудан хороосноор хөлсний алуурчин болж, эхний даалгавраа гүйцэтгэсэн нь тэр байлаа.

1990 оны өвөл Солоник хуурамч бичиг баримтаар Москвагийн ойролцоох нэгэн жижигхэн сууринд суурьшиж, Москва хотод өөрийнхөө байнгын цуст ажлыг эхлүүлснээр Оросын гэмт хэргийн ертөнцөд "Саша Македонский" хэмээх хочоор алдаршсан байна. Учир нь тэрээр эрүүгийн элементүүдийн дунд "македон маягийн буудалт" хэмээн алдаршсан 2 гартаа ямар ч төрлийн бууг зэрэг бариад гайхалтай мэргэн буудаж чаддаг байсан учраас түүнийг ийн хочлох болжээ. Хожим нь Солоник баригдсаныхаа дараа 20 гаруй аллага үйлдсэнээ хүлээсний дотор алдартай мафийн толгойлогч "Япончик" хочит Вячеслав Иваньковын хүү "Калина" хочит Виктор Никифоров, бауманы гэмт бүлэглэлийн толгойлогч "Глобус" хочит Валерий Длугач, түүний баруун гар "Бобон" хочит Владислав Ваннер нарын аллагыг үйлдсэнээ хүлээсэн байна. /"Загалмайлсан эцэг" кинон дээр гардаг мафи хоорондын дайны нэг илрэл нь энэ юм/

Солоникийг Москва хотын нэгэн барааны зах дээрээс баривчлах ажиллагааны явцад цагдаагийн 3 ажилтан, 1 хамгаалагч алагдаж, харин өөрөө шархадсан бөгөөд эмнэлэгт байцаагдаж байхдаа үйлдсэн хэргүүдээ хүлээж, "Матросская тишина" хэмээх орос даяар алдартай шоронд хоригдов. Тэрээр ял эдэлж байх хугацаандаа өөрийнхөө аюулгүй байдлын төлөө санаа ихэд зовж байлаа. Учир нь цагдаа нар болон эрүүгийн элементүүдийн аль аль нь түүнээс алагдсан нөхдийнхөө өшөөг авч, түүнийг алах нь тодорхой байсан учир 1995 оны 7-р сарын 5-нд уг шоронгоос оргосон нь Матросская тишина хэмээх гянданг байгуулагдсанаас хойшхи 100 орчим жилийн түүхэн дэх цорын ганц тохиолдол болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. /Өвөрмөц амжилт тогтоосон байгаа биз дээ/

Солоник гайхалтай авьяаслаг мэргэн бууч байсан төдийгүй төрөл бүрийн зэвсгийг гарамгай эзэмшсэн байсан нь түүний үйлдсэн аллагуудаас шууд харагддаг. Тухайлбал Калашниковын автоматаар дундын зайнаас урт ээлжийн галаар нэг бүтэн дайз сумаар галлахад бүх сум нь байндаа туссан байсныг шүүх эмнэлгийн шинжээч нар тогтоож байв. Түүний хамгийн дуртай зэвсэг нь Австрийн Глок 17 хэмээх буу юм.

1995 оны 8-р сард Солоник Грек рүү Владимир Кесов хэмээх нэрээр зугтан гарч, тэндээ оросын нэрт загвар өмсөгч Светлана Котоватай хамтран амьдрах болсон байна.
 
Бүүр 1995 онд Орос болон Грекийн тусгай албад түүнийг Афинд бүгж байгааг нь мэдэж байсан бөгөөд Оросын талын удаа дараагийн хүсэлтийг Грекийн тал үл хэрэгсэн түүнийг хамгаалан нууж байсан байж болзошгүй хэмээх таамаглал байдаг. Грекийн сөрөх тагнуулынхны хувьд Афинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Оросын гэмт бүлэглэлүүдийн талаарх мэдээллүүдийг түүгээр дамжуулан олж авах сонирхолтой байсан учир эрүүгийн элементүүд болон Оросын тагнуулын албадаас нууж байсан байж болох юм. Түүнчлэн Солоник өөрийн хамтран зүтгэгчид болох Колигов, Нелюбин, Игнатов нарыг Грект урихаар төлөвлөж байсан боловч 1997 оны 2-р сарын 2-ны өдөр Афинаас холгүй хурдны замын хажуугаас түүний цогцос олдсон байна. Мөн түүний найз бүсгүйн цогцсыг мөчлөн том чемоданд хийж булсан байхыг нь олжээ. /Ёстой л нохойн үхэл гэж үүнийг хэлэх байх даа. Бас усч хүн усандаа гэдэг үгийг санагдуулж байгаа биз дээ?/

Хожим түүнийг Ореховын гэмт бүлгийн толгойлогч нар болох Андрей Пылёв, Алексей Гусев, Александр Шарапов, Александр Пустовалов нар устгасан болох нь тогоогдож, 22 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.

Солоникийг алагдсаны дараа түүнийг урьд нь өмгөөлж байсан Валерий Карышев Афинд очиж, хүүр хадгалах газар нууцаар нэвтрэн цогцсыг нь үзсэнийхээ дараа жинхэнэ Солоник биш байна хэмээн мэдэгджээ. Түүнийхээр бол нүүрний болон биеийн ерөнхий хэлбэр өөр байсан гэдэг.  Түүнчлэн Солоникийн ээж нь цогцсыг нь үзчихээд л оршуулганд нь ч оролцолгүй шууд буцаад нисчихсэн нь сэжигтэй. Тэгээд ч түүний ээж, дүү охин 2 нь нэрээ сольцгоон, Курганаас нүүснээс хойш хэн ч тэднийг олж чадаагүй юм. Түүнчлэн зард гарсан эрүүгийн элемент Владимир Татаренков түүнийг амьд байгаа гэдгийг бурхан тэнгэрийн нэрээр андгайлахад бэлэн байна хэмээн мэдэгдэж, шуугиан дэгдээгээд бас амжсан. 

Александр Солоникийг Афины 3-р оршуулгын газрын 28-р хэсгийн 329 дугаартай булшинд оршуулсан боловч олон жилийн туршид түүний булшийг хэн ч эргэж тойроогүй учраас Грекийн хуулийн дагуу устгаж, цогцосны үлдэгдлийг нийтийн булшинд хийсэн гэж ярьцгаадаг. Зарим нь түүний цогцсыг хүчлээр түлж хайлуулсан ч гэцгээдэг. Юутай ч гэсэн булшинд үнэхээр түүний цогцос байсан эсэхийг шинжлэн тогтоох ямар ч аргагүй болсон нь хамгийн гайхалтай бөгөөд эргэлзээтэй асуудал болон үлджээ. /Чөтгөрийг ор мөргүй устгана гэж үүнийг л хэлэх байх даа/

Түүнчлэн Солоникийн аллага бол зориуд зохиосон хуурамч жүжиг гэж үзэх нь ч бий. Түүнийг "Белая стрела" хэмээх улсын маш нууц тусгай бүлэгт ажилладаг байж болзошгүй хэмээн таамаглацгааж байна. Дээрх тусгай бүлэг нь хууль ёсны арга замаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй, өөрөөр хэлбэл хэзээ ч баривчилж, шүүхээр хэргийг нь шийдвэрлэх боломжгүй онц аюултай гэмт хэрэгтнүүд, эрүүгийн элементүүд, гэмт бүлэглэлийн болон мафийн толгойлогч, улс төрч, бизнесмэнүүдийг устгах онцгой эрхтэй байгууллага юм. Энэ бас л байж болох таамаглал. Учир нь Солоник бол тусгай бэлтгэл сургуулилт хийх огтхон ч шаардлагагүй төрөлхийн авьяаслаг гайхамшигтай мэргэн бууч билээ. 

Түүний амьдралын тухай олон тооны ном, кино бүтээгдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр л байна.

Юутай ч гэсэн та бидний хажууханд байх хөрш улсад маань нэгэн аймшигт алуурчин байсаар, амьдарсаар байж болзошгүй нь. Магадгүй манай С.Зоригийг иймэрхүү муусайн хөлсний алуурчид хэн нэгний захиалгаар хөнөөчхөөд энд тэнд бэдэрч явж ч мэдэх л юм. Тиймдээ ч та бүхнийг үүнийг уншаад сэрэмж аваасай гэдэг үүднээс нийтэллээ. Анх энэ гэмт хэрэгтний талаар оюутан байхдаа телевизийн мэдээгээр сонсдог байлаа. Одоо ч гэсэн иймэрхүү хүмүүс бидний дунд байж л байгаа. Та минь сонор сэрэмжтэй байгаарай.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-04-27 -

Бичсэн: amaahai76

Жигүүр-т: Хааяа намайг CS тоглох гээд салгалаад гүйж байх хооронд харж ч амжаагүй байхад буудаад унагаачихдаг юм байна лээ. ёстой урамгүй. Тэгэхээр манай контрчид илүү илүү ккк...
Чойрын хүү-д: Ямар сайндаа Курганы терминатор хэмээх хочтой байхав дээ. Яг л Рэмбог санагдуулам гэсэн шүү.

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: Хүслийнжигүүр

би CS 1.6 дээр энэнээс майр буудийшд... бүгдийг шууд тархи этр...... хэлээ гаргах

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: Чойрын Хүү

Наад нөхрийг чинь аль нэг улсын тусгай албад гүйцэтгэгчээр авсан байх аа. 2 гараараа ямар ч буугаар бууддаг. Бүтэн ээлжээр галлаад калашниковоор бүх байгаа ондог гэхээр наад чинь ямар ч киноны баатраас аймшигтай амьтан байна даа

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Гоё...
овоо гарууд овоо чигээрээ төрчихөөгүй л...

. Шууд холбоос

2011-04-21 -

Бичсэн: amaahai76

нэгэн хамтрагчтайгаа шоронгийн агааржуулалтын системээр дамжин оргосон. гэхдээ хамтрагч нь үлдсэн байдаг юм билээ. тэрнээс хойш дахиж хэн ч оргоогүй юм гэсэн.

. Шууд холбоос

2011-04-21 -

Бичсэн: Turbold

Бас л эвгүй гар байна шүү. Энэ үхээгүй байж магадгүй ээ. Тэр шоронгоос яаж оргосон юм болоо. Та энэ талаар нь судалж үзсэн үү?

. Шууд холбоос





:-)
 
xaax