1983 оны 8-рсарын 30-ны өдөр тухайн үеийн ЗХУ-ын Тамбов хотод төрсөн, ОХУ-ын гавьяат тамирчин, 2000-2003 онд Тамбовын Спартак багт 74 тоглолт хийж 26 бөмбөг оруулсан. 2004-2009 онд Москвагийн ЦСКА багийн бүрэлдэхүүнд 139 тоглолт хийж, 21 бөмбөг оруулсан. ОХУ-ын шигшээ багт 37 тоглолт хийсэн. 2009 оноос Лондоны Челси багийн бүрэлдэхүүнд тоглож байна.
Дэлхийн хэмжээний хөлбөмбөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг энэ залууг би анх 2004 онд Москвагийн ЦСКА багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн үеэс мэдэх болсон билээ. Гаднаас нь харахад туниа муутай ч гэмээр харагдах даруухан төрхнийх нь цаана ямар их авьяас чадвар нуугддаг гэж санана.
Тэрээр ЦСКА багийн бүрэлдэхүүнд 2005, 2006 онуудад ОХУ-ын хошой аварга, 2004, 2008 онд дэд аварга, 2007 онд хүрэл медаль, 2005, 2006, 2008, 2009 онуудад Оросын цом, 2004, 2006, 2007, 2009 онд Оросын супер цом, 2004-2005 оны улиралд УЕФА-ийн цом, Челси багийн бүрэлдэхүүнд Английн аварга, Английн цомын аваргаар, 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт тус тус шалгарсан. 2006 онд ОХУ-ын Найрамдлын одонгоор шагнагдсан.
Түүнийг дэлхий нийтээр универсал буюу ямар ч үүргийг гүйцэтгэх чадвартай, өөрөөр хэлбэл талбайн аль ч байрлалд тоглох боломжтой хөлбөмбөгч гэж хүлээн зөвшөөрдөг
Тэрээр бөмбөг эзэмших, хулгайлах буюу булаах чадвар өндөртэй бөгөөд жигүүрийн тоглогч нарт хамгийн чухал шаардлагатай огцом, тэсрэлттэй хурдыг эзэмшсэнийхээ ачаар тоглолтын үед талбай дээр өрсөлдөгч багийн хэд хэдэн тоглогчийг торгуулийнх нь талбай дотор хууран бужигнуулдгаараа алдартай. Түүнчлэн өөрийн багийн довтлогч нарт ухаалаг бөгөөд оновчтой дамжуулалт өгөхийн зэрэгцээ эсрэг багийн торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор бөмбөг оруулах дуртай.
Түүний эцэг Валентин нь "Ревтруд" үйлдвэрийн ажилчин, ээж нь шуудан зөөгчөөр ажилладаг байсан бөгөөд Жирков айлын 2 дахь хүү болон төржээ. Түүний бага нас нь ядуу тарчиг амьдрал дунд өнгөрсөн бөгөөд нэг өрөө байрандаа зургуулаа чихэлдэн хоолгүй, өлөн зэлмүүн хонох үе олон тохиолдож байсан гэдэг. Гэрийнхэнтэйгээ чихэлдэж, тэдэндээ саад болохгүйн тулд шөнө дөл болтол гудмандаа хөл бөмбөг тоглодог байлаа. Төрөлх хотдоо дунд сургуулиа дүүргээд Техник мэргэжлийн сургуулийг цахилгаанчин мэргэжлээр төгсөж, диплом авсан байна.
2000 оноос Тамбов хотын Спартак багийн 2-р багт тоглож эхэлсэн бөгөөд цалин нь бага байсан тул гэр бүлдээ нэмэр болох үүднээс Мордово тосгоны багт тоглон, хожсон тохиолдолд хүнсний ногоогоор шагнуулдаг байжээ.
. Анх мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьж, Тамбов хотын Спартак багт тоглож эхлэхдээ довтлох чиглэлийн зүүн жигүүрийн хагас хамгаалалтын байрлалд тоглож байсан боловч Москвагийн ЦСКА багт шилжин ирснийхээ дараа зүүн жигүүрийн хамгаалагч, хагас хамгаалагчаар тоглож байлаа. Харин ОХУ-ын шигшээ багт бол зүүн жигүүрийн хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг.