amaahai
Dateline: 2011-03-31
НУРУУГАА ТҮЛСЭН ТҮҮХ

     Идэр насны минь дурсамж санаанд орж байх чинь вэ хөө. Балчир гэхэд том, том гэхэд арай л үгүй, мориор бол хавчиг насандаа яваа гэмээр ч юм уу 20 орчим настай л байж.

     Миний 10 жилийн найз Мөнхөө, Магнай, бас Төвшөө гэж хэдэн дажгүй залуучууд байдаг юм. Тэр үед бид хэд их нийлдэг, зун цаг сургууль энэ тэр амарчихсан болохоор завтай ч гэж жигтэйхэн, дээрээс нь халууныг хэлэх үү Туул голын хөвөөнд өдрийг өнгөрөөдөг байж дээ.

     За тэр ч яах вэ. Нэгэн халуун өдөр бид хэд Туул гол дээр очиж баахан сэлцгээсэн юм. Тэр үед чинь хатан туулын маань ус тув тунгалаг, гүнзгий, цэвэрхэн, хөвөөнд нь хэвтэхэд хувцас хунараа хулгайд алдчихна гэж санаа зовох юм байхгүй, өвгөнтийнхөн сэлгүүцдэггүй, хааяа нэг бугын сүрэг бургасанд нь ороод ирчихсэн харагддаг их сайхан үе байлаа.

     Учиргүй их сэлцгээсэн болоод ч тэр үү бид нар бургасны сүүдэрт хэвтээд юм ярьцгааж байгаад унтаж орхижээ. Нэг мэдсэн чинь учиргүй их толгой өвдөөд, хамаг биеийг минь халгайгаар түлж байна гэж зүүдлээд сэрэв ээ. Хартал манай хэд ч бас сэрж байгаа янзтай юм. Дээшээ өнгийгөөд хартал юун нөгөө бургасны сүүдэр манатай. Эгц дээрээс үдийн халуун нар төөнөж байна гэж жигтэйхэн. Хөдлөх гэсэн чинь нурууны арьс таталдаад болдоггүй. Гэтэл манайхны нэг нь Амаахай чи наад нуруугаа яачхаа вэ? гэхээр нь гайхаад нүднийхээ булангаар хартал ээ бүү үзэгд. Бэлцийсэн улаан болчихсон, энд тэнд нь галаар түлчихсэн юм шиг цэврүү үсэрчихсэн байж билээ.

     Нэлээн хэд хонож байж арилсан. Дээшээ харж хэвтэж болохгүй, цэврүү нь байсгээд л хагарч цамцанд наалдаад, нурууны арьс тэр чигээрээ хуурч гэрээр нэг тараад л мөн ч хэцүү байсан шүү.

     Ай даа нөхдүүд минь голын эрэг дээр нуруугаа шарж байгаад нам унтчихвал жинхэнэ аюул болдог юм байна лээ шүү. Бодож, болгоож л яваарай.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax