amaahai
Dateline: 2011-02-11
ЭЭ ХӨӨРХИЙ

     Ээ хөөрхий. Миний охин notebook дээр минь тоглож байгаад ууж байсан ундаагаа дээр нь асгаснаар эрин зууны агуу их хөгжил дэвшлийг илэрхийлэгч өчүүхэн нэгэн биет зүйл нэг мөсөн үгүй болж байгаа бололтой юм аа даа. Нэг мөсөн гэхээс өөр аргагүй мэт. Учир нь нотбүүкний модербордыг бүхлээр нь солих шаардлагатай болсон бөгөөд яг таарах модерборд нь олдох эсэхэд эргэлзээтэй, олдсон ч бараг дахиад нэг шинэ нотбүүк худалдаж авах хэмжээний санхүүгийн эрсдэл бүхий үр дагаврыг дагуулсанд байгаа юм.

     Би найзууддаа энэ талаар хэлэхэд харин тэд надаас усан тэнэг хүнээс л гарч мэдэх асуултыг сөргүүлэн тавьсан учраас би бухимдсандаа энэ бичлэгийг сараачиж суугаа нь энэ. Тэд юу гэж асуусан гэж санана? Тэгээд чи охиноо загнасан уу? зодсон уу? Хүүхдийг багаас нь хатуу гараар өсгөх хэрэгтэй гэх мэтчилэн тэртээх 19, 20-р зууны үеийн асуултыг надад тавихад би өөрийнхөө үеийнхнийг "арай ч дээ" гэж бодоход хүрлээ.

     Бид өнөөдөр хүн гэдэг их эрдэнийг дээдэлж амьдрах гэж үндсэн хуулиараа тунхагласан биш бил үү? Бурхнаас заяасан агуу их хайр хишгийг өчүүхэн муу электроникийн сэгний эрх ашгаас илүүд үзэж амьдрах тийм тэнэг, ухамсар дорой нийгэмд бид оршин буй бодгалиуд гэж үү?

     Ямар нэгэн хэрэг хийснийхээ төлөө эцэг эхээсээ өршөөл эрэн харах бяцхан үрсийн нүд рүү эгцлэн харж, харцыг нь ойлгон уншиж эс чадах тийм механикжсан нийгэмд бид амьдарч байгаа гэж үү?

     Үгүй шүү дээ найзууд аа. Та нар өнөөдөр хүн чанараа мөнгөөр худалдсан учраас эвдэрхий компьютерийг үр хүүхдээсээ илүүд үзэн хайрлаж байна. Магадгүй нэлээн хэдэн жилийн дараа хүн хэмээх амьтан ямар ч итгэл, сэтгэл гэж зүйл үгүй болоод компьютерт суулгасан программын дагуу үйл хөдлөл хийх хэрэгтэй болох тийм цаг мөчийг бидний ирээдүй үе урьдчилан харсан учраас электроникийн боол болохоос нь өмнө биднийг аврахын тулд төрөлхийн зөн совингоороо үүнийг хийсэн ч байж мэднэ. 

     Эцсийн эцэст хүнд ямар нэгэн мөнгө, техникийн дэвшил,  эд баялаг, материаллаг байдлаар хэмжиж огтхон ч үл болох ариун нандин зүйл гэж байдаг. Тэр бол хайр. Гэхдээ жинхэнэ хайр. Найз нөхөд бие биенээ, эхнэр нөхөр гэр бүлээ, үр хүүхэд нь эцэг эхээ, эцэг эхчүүд үр хүүхдээ ямар нэгэн нэмэгдэл ашиг сонирхлын илэрхийлэлгүйгээр чин сэтгэлээсээ хайрлаасай гэж би 15 жил мөрөөдөж явна.

     Гэхдээ энэ хугацаанд эхнэрийн минь надад өгснөөс илүү их хайрыг би одоо болтол мэдрээгүй л явна. Тийм учраас хэзээ нэгэн цагт үр, ач нараараа хайрлуулахыг хүсвэл балчир үрсээ хайрлах хэрэгтэй шүү залуучууд аа. Эс чадваас кинон дээр гардаг шиг хөгшчүүлийн асрах газар, монголчуудынхаар бол ахмад настнуудын хорих газарт үлдсэн амьдралаа элээх болно.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-03-05 -

Бичсэн: up

Зөв,
..Би одоог хүртэл нэг жижигхэн юман дээр гомдож явдаг юм.Энгийн болоод ч тэрүү? огт мартагддаггүй шүү. Та харин сайн аав байна. гайхалтай гоё шүү

. Шууд холбоос





:-)
 
xaax